Хэрэв диссертаци ямар нэгэн бодит зорилготой бол тэр нь бичиг үсэг тайлагдсан эсэхийг тодорхойлох байж болох юм. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүст докторын зэрэг олгох нь их сургуулийн нэр хүндэд маш муугаар нөлөөлөх учраас докторын диссертацид тодорхой шаардлагууд тавьдаг юм.

—Роберт А. Деи—

Tuesday, February 16, 2010

Докторын диссертацийн эх бэлтгэх, хэвлүүлэх; диссертаци, судалгааны үр дүнг хүлээлгэн өгөхэд баримтлах журам

Төсөл

Ерөнхий зүйл
Докторын диссертаци нь БСШУ-ны сайдын 2007 оны 187-р тушаалын нэгдүгээр хавсралт буюу “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам“-ын 16.2 дугаар заалтын шаардлагыг хангасан байна. Докторын диссертацид иш татах, судалгааны үр дүнг хэвлүүлэх, бэлэн болсон диссертацийг холбогдох номын санд хүлээлгэн өгөхөд тус журмын 17, 18, 19 дүгээр заалтыг ерөнхий удирдлага болгоно.





МУИС-ийн докторант нь тус сургуулийн “Докторын сургалтын журам”-ын 53-56 дугаар заалтын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Докторантурын хорооноос баталсан буюу МУИС-ийн захирлын 2008 оны 4-р сарын 22-ны өдрийн 245-р тушаалын 6-р хавсралт, 2009 оны 11 сарын 6-ны өдрийн 699-р тушаалаар батлагдсан сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдийг эрдмийн зэрэг хамгаалахад шаардагдах бүтээлийн тоонд оруулна.

Диссертацид тавих ерөнхий шаардлага
Диссертацийн зорилго нь суралцагчийн судалгаа хийх болон судалгааныхаа үр дүнг зөв, цэгцтэй нэгтгэн бичих чадвартай болсоныг харуулахад оршдог.
Диссертацийн бүх өгүүлбэрүүд бүрэн төгс утгатай байх ёстой бөгөөд дүрмийн алдаа, бичгийн бус ярианы хэллэг, текникийн этгээд үг хэллэг, бүдүүлэг үг, далд ёгт утга, шаардлагатай бус өргөн хэрэглэгддэггүй үг, нэр томьёог агуулаагүй байвал зохино. Түүнээс гадна илэрхийлж байгаа утга нь зөв бөгөөд логикийн болон шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, хамгаалж болохуйц, элдэв давхардалгүй байх шаардлагатай. Диссертацийг хүлээлгэн өгөхийн өмнө үг үсгийн болон дүрмийн алдаа, хуудас дутуу, давхардсан эсэхийг сайтар шалгасан байх шаардлагатай. Докторантын удирдагч, зөвлөгч профессор, шүүмжлэгчид дээрх ерөнхий шаардлагын биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ба МУИС-ийн докторантын сургалтын журмын 26-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

Диссертацийн хэлбэржүүлэлт, бүтэц
1.                  Хэлбэржүүлэлт
·      Диссертацийг A4 хэмжээний цаасны нэг тал дээр хэвлэнэ.
·      Хүрээ: дээд, доод, баруун гар талаас 25 мм, зүүн гар талаас 30 мм хэмжээтэй байна.
·      Диссертацын үндсэн текстын мөр хоорондын зай: 1.5, үсгийн хэмжээ: 12-14 pt,  үсгийн фонт Unicode Standard байна.
·      Бүлэг, дэд бүлэг, дэд бүлэг доторх хэсгийн гарчгийг header1, header2, header3 гэх мэт style ашиглаж хийж болох ба харгалзан Bold, 20 pt; bold, 16 pt; italic, 14 pt хэлбэр, хэмжээгээр гэх мэтээр өөрийн сонголтоор, үндсэн текстын хэмжээнд зохиоцуулан хийж болно.
·      Footnote буюу нэмэлт тэмдэглэл хуудасны доор дараалсан дугаартай орно. (үсгийн хэмжээ 11-12 pt)
·      Хуудасны дугаарыг диссертацийн эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.
·      Хуудас дугаарлахдаа:
-       Нүүр хуудсыг дугаарлахгүй
-       Гарчиг, товчилсон үг, хүснэгт болон зургуудын нэрийн жагсаалт бүхий хуудсуудыг ром тоогоор (i, ii, iii, …) дугаарлана.
-       Диссертацийн үндсэн текст, ишлэл хийсэн ном зохиолын жагсаалт, хавсралт, бүхий хуудсуудыг араб тоогоор (1, 2, 3, ...) дугаарлана.

2.                  Диссертаци дараах бүтэц, дараалалтай байна
·                     Хавтасны гаднах нүүр
·                     Дотор нүүр хуудас
·                     Гарчиг
·                     Товчилсон үгсийн жагсаалт, тайлбар
·                     Зургийн нэрний жагсаалт (заавал байхыг шаардахгүй)
·                     Хүснэгтийн нэрний жагсаалт (заавал байхыг шаардахгүй)
·                     Үндсэн бүлэг, дэд бүлэг, хэсгүүд
·                     Ишлэл хийсэн ном зохиол
·                     Талархал (заавал байхыг шаардахгүй)
·                     Хавсралт
·                     Тухайн ажлыг өөрөө хийсэн нь үнэн болохоо баталгаажуулсан товч тайлбар, гарын үсэг бүхий хуудас

2.1              Гадна хавтасны нүүр дээр суралцсан их сургууль, факультет /сургууль/, горилогчийн овог нэр, диссертацийн сэдэв, хамгаалсан хотын нэр, он зэргийг, арын нуруун дээр горилогчийн нэр, сэдэвийг дээр дурьдсан дарааллын дагуу бичнэ (Зураг 1).
2.2              Хавтасны дотор нүүр хуудас. МУИС-ийн захирлын 2008 оны 4-р сарын 22-ны 245-р тушаалын 1-р хавсралт (Зураг 2).
2.3              Гарчиг
2.3.1        Гарчгийн бүтэц
Үндсэн хэсэг нь бүлгүүдэд хуваагдана. Бүлэг нь хэд хэдэн дэд бүлэгтэй байх тохиолдолд гарчигт зайлшгүй оруулна. Жишээлбэл: 3.1-р бүлэгт 3.1.1 гэсэн дэд бүлгийг оруулж ирвэл 3.1.2 гэсэн дэд бүлэг заавал байх ёстой.
2.3.2        Гарчгийн агуулга
Гарчиг нь зохиогч тухайн ажлын сэдвээ хэрхэн ойлгож бичсэнийг харуулж чадахуйц хэмжээгээр дэлгэрэнгүй, бүлэг, дэд бүлэг бүрийн агуулгыг бүрэн илэрхийлэхүйц, гэвч хэт нуршаагүй, логик дараалалтай, ойлгомжтой байх шаардлагатй. Ижил түвшний дэд бүлэгт орсон сэдвүүд нь агуулгын хувьд нэг түвшнийх байх ёстой.
2.4              Товчилсон үгийн жагсаалт
Зохиогч өөрийн хэрэглэсэн түгээмэл биш товчилсон үгүүдийг үсгийн дараалалаар жагсаалтанд оруулан түүний агуулыг илэрхийлэх товч тайлбар бичнэ.
2.5              Зураг, хүснэгтийн жагсаалт
Диссертацид олон тооны /тус бүр 20 болон түүнээс дээш/ зураг, хүснэгт орсон бол тэдгээрийн жагсаалтыг хуудасны дугаарын хамт тус тусад нь оруулна.
Зураг 1.           “Зургийн нэр”                        Хуудасны дугаар
Хүснэгт 1.      “Хүснэгтийн нэр”                Хуудасны дугаар
2.6              Үндсэн хэсэг. Үндсэн хэсэг нь оршил, бүлгүүд, дүгнэлтээс тогтоно.
2.6.1        Оршил
Ажлын үндэслэл, зорилго, түүнийг гүйцэтгэх шаардлага, онолын болон практик ач холбогдол, шинэлэг тал,  түүнчлэн нэр томьёоны тодорхойлолтууд, диссертацийн үр дүнгээр хэвлүүлсэн бүтээлүүд, эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн байдал зэргийн талаар тодорхой тусгасан байна.
2.6.2        Бүлгүүд
Бүлгүүд нь тухайн ажлыг агуулга, хамрах хүрээ болон хүрсэн үр дүнгийн хэлбэрээр нь ангилж бүлэглэхэд чиглэгдсэн байх ба авч үзэж буй асуудал бүрийн гол агуулга, хэлэлцүүлгийг хамарсан байна. Үгчлэн орчуулсан текстүүдийг бие даан хийсэн шинжлэх ухааны ажилд тооцохгүй.
2.6.3        Дүгнэлт
Тухайн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, шийдвэрлэсэн асуудал, хүрсэн үр дүнг товчлон дүн шилжилгээ хийх байдлаар бичих ба, шийдэгдээгүй үлдсэн асуудал байвал түүний шалтгаан, цаашид судлах чиглэлийн талаар тусгана.
2.6.4        Зураг, хүснэгт
Хүснэгт болон зураг нь нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байх ёстой. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх ёстой.
2.6.5        Footnotes /тайлбар/
Нэмэлт тайлбар шаардагдах текстийн ард superscript хэлбэрээр тоон дугаараар тэмдэглэж хуудасны доор тайлбараа бичнэ. Тайлбар нь үндсэн текстээс зураасаар тусгаарлагдсан байна.
2.7              Хавсралт
Зохиогч их хэмжээний мэдээлэл, судалгааны анхдагч баримт, тоон үзүүлэлт зэргийг диссертацид оруулах шаардлагатай гэж үзвэл түүнийгээ хавсралтанд оруулна. Энэ нь жишээ нь хуулийн хэсэг, хүснэгтэн жагсаалт, зураг, судалгааны түүвэр материал зэрэг байж болох бөгөөд тэдгээр нь үндсэн ажилтай нягт холбоотой байх ёстой. Диссертацийн хавсралтыг үзэх шаардлагатай хэсэгт (Хавсралт 1),  (Хавсралт 2) г.м.-ээр дугаарлан тусгаж өгнө.
2.8              Ишлэл хийсэн ном зохиол
Диссертацид ишлэл хийсэн ном зохиол бүрийн жагсаалтыг зохиогчийн нэр, хэвлэгдсэн он дарааллаар (Name and Year System) буюу зохиогчийн нэрний цагаан толгойн үсгийн дараалал болон тухайн бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар (нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн он дарааллаар) жагсааж бичихийг (Жишээ 1) зөвлөх боловч зөвхөн зохиогчийн нэрийн үсгийн дарааллаар жагсааж дугаарлан (Жишээ 2) эсвэл диссертацид ишлэгдсэн дарааллаар жагсааж (Жишээ 3) оруулахыг зөвшөөрнө.
Жишээ 1.
Амарбат, Т., Бат, Б., Болд, Ж., Бадам, С. (2009). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 1: 5-12.
Бат, Б., Болд, Ж., Бадам, С., Амарбат, Т. (2008). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 4: 25-36.
Жишээ 2.
1.        Амарбат, Т., Бат, Б., Болд, Ж., Бадам, С. (2009). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 1: 5-12.
2.        Бат, Б., Болд, Ж., Бадам, С., Амарбат, Т. (2008). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, 4: 25-36.
Жишээ 3.                                                                                                                                     
1. Бат, Б., Болд, Ж., Бадам, С., Амарбат, Т. Өгүүллийн нэр. Монголын Сэтгүүлийн нэр, 4: 25-36 (2008).
2. Амарбат, Т., Бат, Б., Болд, Ж., Бадам, С. Өгүүллийн нэр. Монголын Сэтгүүлийн нэр, 1: 5-12 (2009).
Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ. Диссертацид ишлэгдсэн нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг, интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих шаардлагатай.
Wiklund, C. G., Kjellen, N. & Isakson, E. 1998. Mechanisms determining the spatial distribution of microtine predators on the Arctic tundra. Journal of Animal Ecology, 67: 91-98.
Dhaliwal, G. S. 1970. Impact of chemical control on honey bees. Pesticides (Bombay), 4(11): 17-19.
Cramp, S. & Simmons, K. E. L. 1980. The Birds of the Western Palearctic. Oxford University Press, Oxford. 385 pp.
Brothers, D. J. & Finnamore, A. T. 1993. Superfamily Vespoidea. In H. Goulet & J. T. Huber (eds.): Hymenoptera of the World: An Identification Guide to Families. Agriculture Canada, Ottawa, pp. 161-278.
Leiler, T. E. 1992. Ljudalstring hos Lamiinae-larver (Coleoptera, Cerambycidae) [Sound production by Lamiine larvae (Coleoptera, Cerambycidae)]. Entomol. Tidskr., 113: 55-56 (in Swedish, English abstr.)
Subías, L. S. 2009. Listado sistemático, sinonímico y biogeográfico de los ácaros oribátidos (Acariformes: Oribatida) del mundo (excepto fósiles). http://www.ucm.es/info/zoo/ Artropodos/Catalogo.pdf (accessed: November 15, 2009)

2.9              Талархал
Туршилт хийхэд тусалсан, багаж төхөөрөмж ашиглуулсан, материалаар хангасан, хамтран ярилцаж шинэ санаа хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн эрдэмтэн судлаач, хамтран ажиллагсад, техникийн ажилтан гэх мэт хүмүүс болон байгууллагад талархал илэрхийлэх нь зүйтэй.

3.                  Бүтээлийг ишлэх
Диссертацид ишлэл хийхдээ зөвхөн нэг зохиогчтой бүтээлийг Aoki (1990) эсвэл (Aoki, 1990); хоёр зохиогчтой бүтээлийг Beck & Woas (1993) эсвэл (Beck & Woas, 1993); гурав болон түүнээс дээш зохиогчтой бүтээлийг Norton et al. (1993) эсвэл (Norton et al., 1993) гэж бичнэ. Ижил зохиогчтой бүтээлүүдийг Thompson & Heck (2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b) хэлбэрээ ишлэх ба нэг доор олон бүтээлийг зэрэг ишлэх тохиолдолд (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001) г.м.-ээр он дарааллаар бичнэ.
Хэвлэгдээгүй материалыг зайлшгүй ишлэх хэрэгтэй бол ашигласан материалын жагсаалтанд оруулалгүйгээр хаалтанд буюу тайлбар (footnote) хэлбэрээр оруулна. Хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн (accepted for publication) өгүүллийг сэтгүүлийн нэртэйгээр “Хэвлэлд” (“In press”) гэж бичээд ашигласан материалын жагсаалтад оруулна. Ашигласан материалын жагсаалтад байгаа өгүүлэл, материалууд текстийн хаа нэгтээ заавал ишлэгдсэн байх ёстой ба текстэд ишлэсэн бүх материал ашигласан ном зохиолын жагсаалтанд бичигдсэн байх ёстой.
            Ашигласан материал Жишээ 1-ийн дагуу хийгдсэн бол нэр, оноор (Name and Year System) ишлэнэ. Жишээлбэл,  Нелсон, Винтер (1998) эсвэл Нелсон, Винтер (1998, x. 12) эсвэл Нелсон, Винтер (1982), x. 12. Зохиогчийн тоо гурваас олон үед эхний хүний нэрийг бичээд “ба бусад” гэж товчилно. Нэг зохиогчийн нэг жилд гарсан хэд хэдэн бүтээлийг иш татах тохиолдолд тэдгээрийг а, б, в, ... гэх мэтчилэн бичнэ. Жишээлбэл, Нелсон, Винтер (1982a, x. 12). Ашигласан хэвлэлийн жагсаалтанд мөн адил тэмдэглэж өгнө.
Ашигласан материал Жишээ 2 ба Жишээ 3-ийн дагуу хийгдсэн бол дугаараар ишлэнэ. Жишээлбэл, (13).
Ер нь анхдагч бүтээлээс ишлэл хийх ёстой. Хэрэв энэ бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг иш татсан хоёрдогч бүтээлээс ишлэл авч болно. Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...-ны ишлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ.
Сэтгүүлийн нэрийг World List of Scientific Periodicals, 4th Edition, Butterworths, London, 1964-1965 заасны дагуу товчлох ба мэдэхгүй тохиолдолд бүтэн нэрийг бичнэ.
Хурлын илтгэлийн хураангуйд хэвлэгдсэн бүтээлийг монографтай адил ишлэх ба монографыг ишлэхэд хуудасны тоо шаардагдана (Жишээ 1-3).

Text Box: Горилогчийн нэр, он      Диссерацийн сэдэв        Горилогчийн нэр













Зураг 1. Диссертацийн гадна хавтасны загвар. Хатуу хавтас хийлгэх ба алтан шар үсгээр хэвлүүлнэ.

Диссертацийг хүлээлгэн өгөх
Диссертацыг хэлбэржүүлэлтийн хэсэгт заагдсанын дагуу хийж хэвлүүлэн, хамгаалалт хийснээс 1 сарын дотор докторантурын хорооны нарын бичгийн даргад хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхийн өмнө хамгаалалт дээр гарсан санал, шүүмжлэл тус бүрээр засвар хийсэн байх ба санал шүүмжлэлийг хүлээн авах боломжгүй үед тайлбар хийж гарын үсэг зурж. Диссертацийг судалгаа хийсэн үндсэн тэнхим, МУИС-ийн төв номын сан, Улсын Төв Номын сан, докторантын удирдагчдад тус бүр нэг хувь үлдээнэ.

Судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх
МУИС-ийн докторантурт суралцах хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнгүүд, гарган авсан эх материал, хэмжилтын эх утгууд, хэмжилтын тэмдэглэл зэргийг хуулбарлан удирдагч, үндсэн тэнхимд үлдээнэ. Хэмжилт хийх заавар, туршилтын орчны болон туршилт явуулах зааварчилгаа, томъёоны гаргалгаа, судалгааны арга зэргийг мэргэжлийн хүн уншиж ойлгохоор, давтан хийхэд боломжтой байхаар бичиж үлдээнэ.


Диссертацын тодорхой хэсгүүдийг яаж бичих талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл,
1.
Robert A. Day, How to Write & Publish a Scientific Paper, 5th edition, ORYX Press, 1998
материалуудыг үзнэ үү.

No comments:

Post a Comment